Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Монголын Волейболын Холбоо /цаашид МВХ гэнэ/ нь өөрийн оронд волейболын спортыг хөгжүүлэх зорилго бүхий волейбол сонирхогч, дэмжигчдийг нэгтгэсэн "Нийгэмд үйлчилдэг" төрийн бус байгууллага мөн.
2. Холбоо нь волейболын спортыг сурталчилж, хичээллэгчдийн хүрээг өргөжүүлэх, волейболын материаллаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэл сургалтыг сайжруулах, өндөр ур чадвартай тамирчид бэлтгэхийг зохион байгуулах замаар үндсэн зорилгоо хэрэгжүүлнэ.
3. Олимпийн хөдөлгөөнийг дэмжиж, олон улс, тивийн болон волейболын үндэсний Холбоодтой хамтын ажиллагааны идэвхтэй үйл ажиллагаа явуулж тэдний дэмжлэг туслалцааг авна.
4. Монголын Bолейболын Холбоо нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд олон улс, тивийн волейболын холбоодын өмнө өөрийн орныг төлөөлөх эрхийг эдэлж, эх орноо болон волейболын спортоо олон улсад сурталчилна.
5. Холбоо үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
6. Холбооны үйл ажиллагаа ил тод, бие даасан байна.
7. Монголын Bолейболын Холбооны бүх шатны гишүүн байгууллага нь тус холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрмийг удирдлага болгон ажиллана.
8. Холбоо нь хуулийн этгээд бөгөөд өөрийн билэг тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, гишүүдийн үнэмлэх, энгэрийн тэмдэг болон төрийн бус байгууллагын тамга тэмдэгтэй байна.
9. Монголын Bолейболын Холбоо нь Олон улс, тивийн волейболын холбооны гишүүн байна.
10. Монголын Bолейболын Холбоо өөрийн гишүүдтэй байна. Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн волейбол сонирхогч, дэмжигч Монгол улсын харьяат ба гадаадын харьяат иргэд, байгууллага, хамт олон Монголын Bолейболын Холбооны гишүүн байж болно.
11. Холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой туслалцаа үзүүлсэн холбооны гишүүн, гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг холбооны хүндэт гишүүнээр сонгож болно. Хүндэт гишүүнээр сонгох журмыг Удирдах Зөвлөл шийдвэрлэнэ.
12. Холбоо нь үйл ажиллагаагаа сурталчлан таниулах хэвлэлтэй байж болно.
Хоёр. МВХ-ны ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ
1. Холбооны дүрмийг сахиж, түүний үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох.
2. Гишүүн нь Чуулган, Удирдах Зөвлөл, Холбооны удирдлагын гаргасан шийдвэрийг биелүүлэх.
3. Өөрийн болон гадаад орнуудад волейбол хөгжүүлж буй туршлагыг судалж бүтээлчээр хэрэгжүүлэх.
4. Ёс суртахуун болон сахилга батын дутагдал гаргах, Холбооны дүрэмд харш үйлдэл хийх явдалтай эвлэршгүй тэмцдэг байх.
5. Дотоод гадаадад зохиогдох уралдаан тэмцээнд оролцох нөхцөлд зохих бэлтгэл сургуулилтыг хийж, хамт олон улс орноо төлөөлөх чадвараа дээд зэргээр дайчилсан байх.
6. Волейболын спортын цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, санаачлах, гардан хэрэгжүүлэх.
7. Олон Улсын Волейболын Холбоо болон Монголын Волейболын Холбооноос баталсан хувцас хэрэглэлтэйгээр тэмцээнд оролцож байх.
8. Гишүүн тамирчид нь баг хооронд шилжихдээ МВХ-ны Удирдах Зөвлөлийн баталсан тамирчид шилжих журмыг баримтална.
9. Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүнээр элссэн гишүүд жилд тодорхой хэмжээний гишүүнчлэлийн хураамжийг тогтоосон хугацаанд төлнө.
Гурав. МВХ-ны ГИШҮҮНИЙ ЭРХ
1. Холбооны бүх шатны байгууллагад сонгох, сонгогдох.
2. Холбоо болон волейболын спортын тухай аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ажил хэрэгчээр идэвхтэй оролцох.
3. Дотоод гадаадад зохиогдох тэмцээн бусад арга хэмжээнд өөрийн байгууллага, хамт олон, эх орноо төлөөлж, зохих бэлтгэл хангах үндсэн дээр оролцох.
4. Спортын танхим, хувцас форм, хэрэглэл, материал, тоног төхөөрөмжийг тогтоосон журмын дагуу ашиглах.
5. Өөрийн орны болон дэлхийн волейболын спортын үйл явдал, амьдралын талаархи мэдээллийг ашиглах.
6. Үр бүтээлтэй ажиллаж, спортын өндөр амжилт гаргасны төлөө материалын болон сэтгэл санаа, нэр хүндийн урамшил хүртэх.
Дөрөв. МВХ-ны ГИШҮҮНД ЭЛСЭХ
1. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн хувь хүн, байгууллага, клубүүд нь тухайн орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн Холбоодод өргөдөл болон бусад бичиг баримтыг бүрдүүлснээр элсэнэ.
2. Монголын Волейболын Холбооны гишүүнд элссэн хүн энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй, байгууллага, клубүүд лицензитэй байна.
3. Гишүүд, байгууллагууд гишүүнээс гарах хүсэлт гаргах буюу эсвэл түүний үйл ажиллагаа нь энэхүү дүрмийн шаардлагыг хангахгүй болсон бол уг асуудлыг гишүүнд элсүүлсэн Аймаг, дүүргийн Холбооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
4. Монголын Волейболын Холбооны дүрмийг зөрчиж, волейболын спортын нэр хүндэд харш үйлдэл хийсэн гишүүнийг сануулах, түүний эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах хүртэл арга хэмжээг авч, спортын цол зэргийг бууруулах тухай саналыг холбогдох байгууллагад тавина.
Тав. МВХ-ны ҮҮРЭГ
1. Өөрийн орны онцлогт тохирсон волейбол хөгжүүлэх бодлого боловсруулж, төр, олон нийтийн байгууллага, дэмжигчдийн дэмжлэг авч хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих.
2. Олимпийн хөдөлгөөний үзэл санааг дэмжиж, олон улс болон тивийн волейболын холбооны дүрэм, зааврыг биелүүлэх.
3. Волейболын спортоор залгамж халаа тамирчдыг системтэй бэлтгэж, спортын ур чадварыг нь байнга дээшлүүлж байх.
4. Бүх нас зэрэглэлийн тамирчдын ур чадварт тохирсон тэмцээнүүдийг тогтмол, системтэйгээр зохион байгуулах, тоо чанарыг нэмэгдүүлэх.
5. Волейболын спортын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, давтан сургах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, арга хэмжээнд идэвхтэй оролцох.
6. Волейболын материаллаг баазыг бэхжүүлж, түүний санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, чанаржуулах, бэлтгэж хангах ажлуудыг зохион байгуулах.
7. Олон Улс, Тив болон Үндэсний Холбоодтой харилцаа холбоо тогтоож, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх.
8. Монгол орны нутаг дэвсгэрт бүх зэрэглэлийн тэмцээнүүдийг удирдан зохион байгуулах, хянах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг уялдуулах.
9. Волейболыг дэмжигч байгууллага, хамт олны үүсгэл, санаачлагыг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
10. Волейболын хэрэглэл материал, танхимуудын ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж, түүнийг зүй зохистой ашиглах талаар санаачлага гаргах, үндэсний стандартыг боловсруулан мөрдүүлэх.
11. Волейболын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн өөрийн сургалтын баазтай байх.
12. Волейболын шинэ ба шинэчлэгдсэн дүрэм, журам, заавар, норм, норматив, стандартыг боловсруулах, боловсруулсан материалд шүүлт хийх.
13. Волейболын хэтийн чиг хандлага, холбогдолтой судалгаа, мэдээллийг олон улсын хэмжээнд солилцоход идэвхтэй оролцож, мэдээллийн санг ажиллуулах.
14. Тамирчдыг алдаршуулах, веб хуудас, мэйл маркетингаар дамжуулан волейболын үйл ажиллагааг сурталчилна.
15. Спортын зэрэг дэв олгох, төр засгийн шагнал болон салбар байгууллагуудын шагнал урамшуулал олгох ажлыг зохион байгуулна.
Зургаа. МВХ-ны ЭРХ
1. Волейболын спортыг хөгжүүлэх талаар төр засаг болон холбогдох төрийн бус байгууллагуудад санал, асуудал тавьж шийдвэрлүүлэх.
2. Олимп, тив, бусад олон улсын чанартай тэмцээнд оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнийг батлах.
3. Тамирчин, шүүгч, дасгалжуулагчдад спортын цол зэрэг олгох, хасах, бууруулах зэрэг асуудлуудаар санал оруулж шийдвэрлүүлэх.
4. Олон улс, тив, үндэсний холбоодын шугамаар зохиогдох хурал, зөвлөгөөн, сургалт семинарт, өөрийн төлөөлөгчдийг оролцуулах.
5. Олон улс, тив, бусад үндэсний холбоод, өөрийн болон гадаад орны бүх хэлбэрийн байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах асуудлаар гэрээ хэлцэл байгуулах.
6. Гишүүдийн үүсгэл санаачлагыг өрнүүлж, волейбол хөгжүүлэх хөрөнгийн сан, төрөлжсөн клуб байгуулж ажиллуулах.
7. Волейболын спортын эрх ашиг, Холбооныхоо нэр хүндийг хамгаалах.
8. Волейболын спортын сургалтын ажлыг шалган зөвлөх, түүнийг хариуцдаг багш, дасгалжуулагч нарын илтгэл, саналыг харьяалагдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зохих шийдвэр гаргах.
9. Волейболын тэмцээний албан ёсны дүрэм, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг тухай бүрт нь хариуцсан зөвлөлөөр нь хэлэлцүүлэн улсын хэмжээнд сурталчлах, мөрдүүлэх.
10. Холбооны эмблем, волейболтой холбогдсон аливаа зүйлийн эрхийг худалдах буюу лицензи олгох.
11. Волейболын спортыг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан, гарамгай амжилт гаргасан хүнийг Монгол улсын алдар цол, төрийн дээд болон Засгийн газар, Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагналаар шагнуулах саналыг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад оруулах.
12. Олон улс, улс, орон нутгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг бусдад олгох.
Долоо. МВХ-НЫ ЧУУЛГАН
1. Холбооны Чуулган нь холбооны удирдах дээд байгууллага мөн.
2. Чуулганыг 4 жилд нэг удаа тогтмол хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд Удирдах Зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр эсвэл Аймаг, дүүргийн Холбоодын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно.
3. Чуулганаар дараахь үндсэн асуудлыг хэлэлцэж тогтоол гаргана. Үүнд:
• Холбооны Удирдах Зөвлөлийн болон Ерөнхийлөгчийн тайлан, зорилт.
• Холбооны үндсэн чиглэл, дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.
• Холбооны хяналтын зөвлөлийн тайлан.
• Зохион байгуулалтын асуудал
• Бусад асуудал.
4. Чуулганд оролцох төлөөлөгчдийн тоог Удирдах Зөвлөл тогтоож Аймаг, дүүргийн Холбоод, Клубээс сонгоно.
5. Чуулганы төлөөлөгчдөөс сонгогдсон хуралдааны дарга, тэргүүлэгчид чуулганыг удирдах ба эцсийн шийдвэр дийлэнх олонхийн саналаар баталгаажина.
Найм. МВХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭРХ ҮҮРЭГ
1. Чуулганы чөлөөт цагт холбооны эрх барих байгууллага нь Удирдах Зөвлөл байна.
2. Удирдах Зөвлөл 51 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах Зөвлөл нь нийслэл Улаанбаатар хотод байрлана.
3. Аймаг, дүүргийн волейболын Холбоодын Тэргүүн, Клубын эзэд, албан ёсны түншлэлийн гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Удирдах зөвлөлийн гишүүн байна.
4. Удирдах зөвлөлийн гишүүдийг Чуулганы төлөөлөгчдөөс нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар дээрх тооны хязгаарт бариулан хамгийн олон санал авсанаар нь эрэмбэлж сонгоно.
5. Аймаг, дүүргийн Холбоодын тэргүүн, Клубын эзэд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шууд орно.
6. Удирдах зөвлөлийн гишүүд дундаас 15-аас доошгүй хүнийг Тэргүүлэгчдээр сонгоно.
7. Удирдах Зөвлөлийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа, тэргүүлэгчдийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа тус тус хуралдуулна.
8. Удирдах зөвлөлийн гишүүдийн 50%-ийн саналаар Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
9. Удирдах Зөвлөлийн Тэргүүлэгч гишүүд тус тусдаа асуудал хариуцсан ажлын хэсгийг ахалж ажиллана.
10. Удирдах Зөвлөлийн болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана. Шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зурна.
11. Удирдах Зөвлөлийн тэргүүлэгчид нь Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын албаны орон тоо, цалинг батална.
12. Шагнал урамшуулал олгох арга хэмжээ авах, анхан шатны байгууллага, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, зэрэглэл ахиулах, бууруулах, эрх олгох, түдгэлзүүлэх, хасах хүртэл эрх эдэлнэ.
13. Удирдах Зөвлөлийн Тэргүүлэгч болон Удирдах зөвлөлийн гишүүн жил бүр тодорхой хэмжээний гишүүний хураамжийг тогтоосон хугацааны дотор төлөх ба давхардуулахгүй.
Ес. МВХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
1. Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн гишүүдээс нэр дэвшүүлж Чуулганы төлөөлөгчдөөр батлуулснаар түүний бүрэн эрх нь хангагдана.
2. Холбооны Ерөнхийлөгч нь Удирдах Зөвлөлийн дарга байна.
3. Ерөнхийлөгч Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчдийг томилно.
4. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрөө Чуулганы төлөөлөгчдөд танилцуулна.
5. Ерөнхийлөгч дотоод болон гадаадад Монголын Волейболын Холбоог бүрэн төлөөлнө.
6. Ерөнхийлөгч шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулна.
7. Ерөнхийлөгч өөрийн үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний ажлын албаар гүйцэтгүүлнэ.
8. Удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, тогтоосон хугацаанд гишүүний хураамжаа төлөөгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн санаачилгаар чөлөөлөх ба нөхөн томилох эрх хадгалагдана.
Арав. ТЭРГҮҮН ДЭД,ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
1. Ерөнхийлөгч зарим чиг үүргийг Дэд ерөнхийлөгчдөд хариуцуулах ба 3 хүртэл хүн байж болно.
2. Дэд ерөнхийлөгчийг Удирдах Зөвлөлийн Тэргүүлэгч гишүүд дундаас болон “Алтан түнш” байгууллагын гэрээнд тусгаснаар сонгоно.
3. Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн эзгүйд болон тухайн томилогдсон арга хэмжээнд түүнийг орлоно.
4. Гурван Дэд Ерөнхийлөгчтэй болсон тохиолдолд Тэргүүн дэд ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн шийдвэрээр томилно.
5. Дэд Ерөнхийлөгчид нь Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албатай уялдаатай ажиллана.
6. Тэргүүн дэд болон дэд Ерөнхийлөгчдийн ажил үүргийн хуваарийг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн ажиллах журамд тодорхой заана.
Арван нэг. ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
1. Ерөнхийлөгчийн санал болгосноор Удирдах Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Ерөнхий нарийн бичгийн даргын цалин, хангамжийг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчид тогтооно. Ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Чуулган, Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгчөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажиллана.
3. Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны ажлын албатай байна.
4. Ажлын алба нь сургалт, судалгаа явуулах, мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх, уралдаан тэмцээний мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах, Холбооны тайлан тэнцэл гаргах, тайлан бичих үйл ажиллагааг эрхлэн явуулна.
5. Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлтэй уялдаатай, мэргэжлийн ажлын хэсэгтэй байж болно.
6. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын албаны бүтэц, орон тоо, шийдвэрлэх асуудлуудыг боловсруулан Удирдах Зөвлөлийн хуралд оруулна.
7. Ажлын алба нь гишүүд, түнш байгууллагууд, тэдгээрийн төлөөлөлд үйлчилнэ.
Арван хоёр. ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ
1. Зөвлөл, ажлын хэсэг нь шаардлагатай тодорхой асуудал, арга хэмжээг шийдвэрлэн зохион байгуулахын тулд түр болон байнгын хугацаагаар томилогдон Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албатай нягт уялдаатай ажиллана.
2. Зөвлөлийг дараах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулна. Үүнд:
• Захиргааны
• Техникийн
• Сонгодог волейболын
• Элсний волейболын
• Ёс зүйн
3. Зөвлөл, ажлын хэсэг нь хоорондоо ажлын уялдаатай ажиллана.
Арван гурав. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
1. Хяналтын Зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Зөвлөлийн хурлаас даргыг сонгоно.
2. Хяналтын Зөвлөл нь Холбооны гишүүд бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.
3. Хяналтын Зөвлөл нь Чуулган, Удирдах Зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
Арван дөрөв. САЛБАР ХОЛБООД
1. Орон нутагт волейболын спортын аливаа асуудлыг МВХ-ны шугамаар эрхлэх байгууллага нь Аймаг, Дүүргийн Холбоод байна.
2. Аймаг, дүүргийн Холбоод бие даан хурлаа зохион байгуулж тэргүүлэгчид, Тэргүүнээ 4 жилийн хугацаагаар сонгоно.
3. Холбоодын хурал нь дараахь үндсэн асуудлыг шийднэ.
• Тухайн орон нутагт волейболын спортыг хөгжүүлэх талаар зохиогдсон ажил, үр дүнгийн тухай тайлан хэлэлцэж, зорилтыг тодорхойлох.
• Салбар Холбоодын тэргүүлэгчдийн тоог хязгаарлахгүй.
• МВХолбооны Чуулганы төлөөлөгчдийг батлах.
• Зохион байгуулалтын бусад асуудал.
4. Аймаг, дүүргийн Холбоод хурлын протокол, шийдвэр, удирдах ажилтаны анкетийг баталгаажуулан МВХ-д ирүүлснээр албан ёсоор бүрэн эрх нь нээгдэнэ.
5. Аймаг, дүүргийн Холбоодын Тэргүүнээр сонгогдсон хүн шууд МВХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлагдана.
6. Аймаг, дүүргийн Холбоод нь Холбоонд гишүүн элсүүлэх асуудлыг гардан хариуцаж, хэрэгжүүлж, гишүүдийн татварын болон бусад тооцоог шууд харьцаж хийх ба тайлан, холбогдох бусад асуудлаар МВХ-той шууд харьцана.
7. Аймаг, дүүргийн Холбоодын нарийн бичгийн дарга нь МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны шууд удирдлагад ажиллана.
8. Холбоодын тухайн жилийн төсвийг батална.
9. Аймаг, дүүргийн Холбоодын Тэргүүлэгчид жилд тодорхой хэмжээний гишүүний хураамжийг Аймаг, дүүргийн Холбоондоо төлнө.
10. МВХ-ны гишүүний хураамж болон тэргүүлэгчдийн хураамжийн орлогыг Аймаг, дүүргийн Холбоод захиран зарцуулах ба тогтоосон хугацаанд тайлангаа ирүүлж байна.
11. Аймаг, дүүргийн Холбоод нь Бага чуулгантай байж болно.
Арван тав. МВХ-ны АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА
1. Анхан шатны байгууллага нь сум, баг, аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны сургуулиудын дэргэдэх секц, бие даасан клуб, хамтлагууд байна.
2. Анхан шатны байгууллагын удирдлага нь гишүүдийн хурал мөн. Анхан шатны байгуулага нь өөрийн Зөвлөлтэй байж болно.
3. Волейболын спортын цол зэрэг, төр засгийн болон салбар байгууллагын шагнал урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн, шаардлага хангасан материалыг МВХ-нд уламжлах, шийдвэрлүүлэх.
4. Волейболын шигшээ багийг клуб хэлбэрээр эсвэл, аймаг, нийслэлийн болон МВХ-ны шугмаар зохион байгуулна. Тэгэхдээ шигшээ багийн тамирчид нь аль нэг клубт тогтмол хичээллэх бөгөөд олон улсын болон бусад тэмцээнд оролцох зорилгоор нэгдэн бэлтгэл сургуулилтаа хангадаг байх журмыг мөрдөнө.
5. Бие даасан клуб гэдэг нь аливаа нэг байгууллагыг түшиглэсэн, санхүүгийн чадавхи бүхий албан ёсоор бие даан хуулийн этгээд болсон, мэргэжлийн орон тоо, удирдлагын бүтэц, материаллаг бааз бүхий нэгжийг хэлнэ.
6. Бие даасан клубүүд нь дараахь шаардлагуудыг хангаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд МВХ-ны бие даасан бүтцийн нэгж болно. Үүнд:
• Лицензи болон гишүүнчлэлийн хураамж төлөх санхүүгийн чадавхтай байх
• Хувцас, хэрэглэл материалыг МВХ-ноос баталсан дүрмийн дагуу ашиглах, албан ёсны тэмцээнд хэрэглэх
• Тамирчид, дасгалжуулагчтай гэрээ байгуулан ажиллаж цалин хангамж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх
Арван зургаа. ЛИЦЕНЗ
1. Лицензи гэдэг нь зөвхөн МВХ-ноос тусгай батлагдсан журмын хүрээнд олгогдох эрх, батламж, гэрээг хэлнэ.
2. Лицензийг тухайн жилийнхээ гишүүнийхээ хураамжийг төлсөн дараах үүрэгтэн эзэмшинэ. Үүнд:
• Дасгалжуулагч
• Клубын тамирчин
• Шүүгч
3. Гэрээний лицензийг тухайн төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэг л аж ахуйн нэгжтэй байгуулах ба гэрээний хугацаа, нөхцөл, үнийг харилцан тохиролцоно.
4. Бие даасан клубүүд лицензи эзэмшигч байж болох ба тусгай журмаар зохицуулна.
5. Лицензи нь үүрэг зориулалтаас хамааран өөрийн үнэтэй байна.
Арван долоо. МВХ-ны ЭД ХӨРӨНГӨ, САНХҮҮ
1. Холбоо өөрийн мөнгөн сан, эд хөрөнгөтэй байна. Үүний эх үүсвэрийг дараахь хэлбэрээр бүрдүүлнэ:
• Гишүүдийн хураамж
• Дотоод, гадаадын байгууллага, хувь хүний хандив
• Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны орлого
• Удирдах Зөвлөлийн гишүүдийн хураамж
• Лицензийн орлого
• Албан ёсны түншлэлийн гэрээний орлого
• Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс болон олон улсын байгууллагаас олгосон хөрөнгө
• Төрийн байгууллагын санхүүгийн дэмжлэг
2. Холбооны гишүүн, хувь хүн жилд нэг удаа гишүүний хураамж төлөх ба давхардуулж төлөхгүй.
3. Удирдах зөвлөлийн тэргүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн, аймаг дүүргийн Холбоодын тэргүүлэгч, гишүүдийн жилд төлөх гишүүний хураамжийн хэмжээг тусгай журмаар зохицуулна.
4. Гишүүнд элсэхэд тэмдэгтийн хураамж, үнэмлэхний үнийг гишүүд төлсөн байна.
5. Гишүүдийн хураамжийг жил бүрийн нэгдүгээр сард багтаан Аймаг, дүүргийн Холбоодын дансанд төвлөрүүлнэ.
6. Гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлийг маягтийн дагуу Аймаг, дүүргийн Холбоод нь МВХ-нд жил бүрийн хоёрдугаар сард багтаан гарган ирүүлнэ.
7. Аймаг, дүүргийн Холбоод гишүүдийн хураамжийн болон хандивын орлогыг өөрийн дансанд төвлөрүүлэх ба зарцуулалтын санхүүгийн тайланг жил бүр МВХ-нд ирүүлнэ.
8. МВХ нь банкинд төгрөгийн болон валютын, Аймаг, дүүргийн Холбоод орон нутгийн банкны салбартаа төгрөгийн болон валютын данстай байна.
9. Данстай харьцах эрхийг МВХ-нд Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч, орон нутгийн Холбоодод Тэргүүн нар эдэлнэ.
10. Холбоо нь төвлөрсөн сантай байх бөгөөд түүнийг зарцуулах журмыг Удирдах Зөвлөл батална.
11. Санхүүгийн болон холбогдох тайлан, балансыг хуулийн хугацаанд нь гарган өгч байна.
Арван найм. МВХ-г ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ,ТАТАН БУУЛГАХ
1. МВХ-ны үйл ажиллагааг зогсоох, эд хөрөнгийг хэрхэх асуудлыг "Төрийн бус байгууллагын тухай" Монгол Улсын хуулийн 1дүгээр бүлгийн 7 долдугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг үндэслэн МВХ-ны Чуулган шийдвэрлэнэ.
2. Энэхүү дүрэм 2012 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн хүчин төгөлдөр болно.